Гарчиг

“Цианид агуулсан хөрс” шинэ стандартчилсан загвар батлагдлаа.

Геологийн Төв Лаборатори (ГТЛ) нь ХБНГУ-ын Материалын Сорилт Судалгааны хүрээлэн (BAM)-тэй хамтран BAM-U116/CGL 306 Цианид агуулсан хөрсний аттестатчилсан стандартчилсан загвар шинээр үйлдвэрлэлээ.

Цианид нь маш хортой органик биш бохирдуулагчдын нэг учраас усан орчинд төдийгүй хөрс хөрсөрхөг материал дах цианидын агуулгыг хянаж байх нь чухал юм. Сорилт шинжилгээний үр дүнгийн үнэн зөв байдлыг хангахад лабораториудад шаардлагатай түвшний цианид агуулсан хөрсний өндөр чанартай стандартчилсан загвар өнөөдөр ховор байна.

Дэлхий дахины энэхүү хэрэгцээнд хувь нэмэр оруулахаар ГТЛ болон BAM хамтран байгалийн элсэрхэг хөрсөөр шинэ аттестатчилсан стандартчилсан загвар боловсрууллаа.

Нийт цианидын аттестатчилсан агуулга нь 12.0 мг/кг бөгөөд зохион бүтээх явцад ISO Guide 34 стандартыг мөрдөж чанар хангалтын журмыг нарийн баримталсан.

Стандартчилсан загварт зориулсан бөөн дээжийн боловсруулалтыг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий ГТЛ-ийн Стандартчилсан загвар боловсруулалтын лабораторид гүйцэтгэж, аттестатчиллын шинжилгээг 2 факторт дисперсийн шинжилгээний загвар (nested design, ISO 5725-3, ISO Guide 35)-ын дагуу хийж, үр дүнгийн статистик боловсруулалтыг Soft CRM програм болон PROLab Plus –Арга баталгаажуулах лаборатори хоорондын сорилт болон ур чадварын сорилтод зориулсан програм хангамж ашиглан гүйцэтгэсэн.

Энэхүү АСЗ-ын зорилтот хэрэглээ нь ISO 11262 стандартыг ашиглан хөрс болон хөрсөрхөг материалын нийт цианидын агуулгыг тодорхойлох шинжилгээний үр дүнг шалгахад орших юм. Мөн өдөр тутмын гүйцэтгэлийг шалгах (чанарын хяналтын карт), эсвэл арга баталгаажуулалтын судалгаанд ашиглаж болно.

Цианид агуулсан хөрс” шинэ стандартчилсан загвар батлагдсан тухай мэдээлэл Ази Номхон Далайн Хэмжил Зүйн Хөтөлбөр (APMP)-өөс эрхлэн гаргадаг сэтгүүлийн 8-р сарын (№ 39) дугаарт гарсан байна.

Мэдээллийг доорх холбоосоор харна уу.

http://www.apmpweb.org/documents/newsletters.php

8-р сар 18, 2017