Гарчиг

ХБНГУ-ын Геошинжлэх Ухаан, Байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)-ийн захиалгаар “CGL 026 Чулуун давс”-ны стандартчилсан загвар үйлдвэрлэлээ.

ХБНГУ-ын Геошинжлэх Ухаан Байгалийн Нөөцийн Хүрээлэн (BGR) нь 2017 онд ISO 17034 “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчдийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандарт, ISO/IEC 17025 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартуудаар итгэмжлэгдсэн байгууллагуудын дунд Чулуун давсны стандартчилсан загвар (СЗ) үйлдвэрлүүлэх ажлын тендер зарласан бөгөөд Геологийн төв лаборатори (ГТЛ) ТӨҮГ нь анх удаа ОУ-ын тендерт оролцон, шалгарч энэхүү ажлыг гүйцэтгэх захиалгыг хүлээн авсан.

Манай лаборатори нь 1973 оноос одоог хүртэл өөрийн орны эрдэс түүхий эдээр (чулуулаг, хүдэр, баяжмал, хүрээлэн буй орчин, шатах ашигт малтмал, цацраг идэвхит, үйлдвэрийн баяжуулалтын хаягдал гэх мэт) 101 дэх СЗ/АСЗ үйлдвэрлээд байна. Чулуун давсны АСЗ-ын хувьд дэлхийн зах зээл дээр маш ховор бүтээгдхүүн гэдгээрээ ихээхэн онцлог юм. ГТЛ нь өмнө нь үйлдвэрлэж байгаагүй, шинэ төрлийн “CGL 026 Чулуун давс”-ны аттестатчилсан стандартчилсан загвар (АСЗ) үйлдвэрлэх ажлыг ISO Guide 30-35 стандартуудыг баримтлан амжилттай гүйцэтгэн, баталгаажууллаа.

Чулуун давсны СЗ-т зориулан BGR-ээс ирүүлсэн бөөн дээжийн боловсруулалтыг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий ГТЛ-ийн Стандартчилсан загвар боловсруулалтын лабораторид холбогдох журам, стандарт ажлын зааврыг баримтлан гүйцэтгэж, 50 граммаар савласан бөгөөд СЗ-ын дээжийн нэгэн төрөл, тогтвортой байдлыг тогтоосон.

Аттестатчиллын шинжилгээг лаборатори хоорондын хэлбэрээр гадаад, дотоодын 17 лаборатори оролцуулан, 2 факторт дисперсийн шинжилгээний загвар (nested design, ISO 5725-3, ISO Guide 35)-ын дагуу зохион байгуулж, үр дүнгийн статистик боловсруулалтыг PROLab Plus “Арга баталгаажуулах лаборатори хоорондын сорилт болон ур чадварын сорилтод зориулсан” програм хангамж ашиглан гүйцэтгэв. 

Нийт 8 элемент нэгдлийн (Na, Cl, Ca, S/SO4, Br, K, Sr) агуулгыг аттестатчилж, 8 элемент нэгдлийн (Al, Ba, Li, Mg, Mn, Pb, Rb, Zn) агуулгыг мэдээллийн утгаар тус тус тогтоолоо. ( Certificate_Rock_salt_RM.pdf )

Энэхүү АСЗ-ыг аттестатчилсан элемент нэгдлийн агууламжийн хүрээнд энэ төрлийн дээжийн шинжилгээ, судалгаа, шинжилгээний ажлын чанарыг хянах, багаж тоног төхөөрөмжийн калибровка тохируулга болон арга аргачлал баталгаажуулах, шинээр нэвтрүүлэхэд ашиглаж болно.

5-р сар 10, 2019