Гарчиг

“Нүүрсний дэгдэмхий үнс” шинэ стандартчилсан загвар батлагдлаа


2018 онд Геологийн төв лаборатори (ГТЛ) нь CGL 208 Нүүрсний дэгдэмхий үнсний аттестатчилсан стандартчилсан загвар (АСЗ) шинээр баталгаажууллаа.

Дэлхийн эдийн засгийн хурдацтай хөгжил нь шатах ашигт малтмалгүйгээр оршин тогтнох боломжгүй юм. Орчин үед үйлдвэрлэж байгаа нийт түлш, эрчим хүчний ихээхэн хувийг нүүрс, нефть, байгалийн хийнээс гарган авдаг. Нүүрс нь нефть болон байгалийн хийтэй харьцуулбал үнэ хямд, ихээхэн нөөцтэй түүхий эд тул түүний хэрэгцээ жилээс жилд өсөннэмэгдэж байна.

Шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшилттэй холбоотойгоор нүүрсний дэгдэмхий үнсийг дахин ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл нэмэгдэж байгаа тул энэ төрлийн СЗ/АСЗ-ын хэрэглээ ихсэж байна.

Дэлхий дахины энэхүү хэрэгцээнд хувь нэмэр оруулахаар ГТЛ нь Монгол орны нүүрсний дэгдэмхий үнсээр шинэ аттестатчилсан стандартчилсан загвар боловсрууллаа.

Стандартчилсан загварт зориулсан бөөн дээжийн боловсруулалтыг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий ГТЛ-ийн Стандартчилсан загвар боловсруулалтын лабораторид гүйцэтгэж, аттестатчиллын шинжилгээг 2 факторт дисперсийн шинжилгээний загвар (nested design, ISO 5725-3, ISO Guide 35)-ын дагуу хийж, үр дүнгийн статистик боловсруулалтыг PROLab Plus –Арга баталгаажуулах лаборатори хоорондын сорилт болон ур чадварын сорилтод зориулсан програм хангамж ашиглан гүйцэтгэж,нийт 44 элемент нэгдлийн агуулгыг аттестатчилж, 10 элемент нэгдлийн агуулгыг мэдээллийн утгаар тогтоолоо. Энэхүү АСЗ-ыг 50 болон 100 граммаар савласан.

Энэхүү АСЗ-ын зорилтот хэрэглээ нь нүүрсний судалгаа, шинжилгээ хийдэг лабораториуд болон нүүрсний дэгдэмхий үнсэнд агуулагдаж байгаа байгаль орчинд хор нөлөөтөй нэгдлүүд, мөн үнсний найрлаганд байгаа үйлдвэрлэлд ашигтай ховор элементүүд, тэдгээрийг ялган авах судалгаа зэрэгт харьцуулах эталон болгон ашиглаж болно.

АСЗ-ыг худалдан авах, сонирхож байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

Стандартчилсан Загвар, Ур Чадварын Сорилтын Тасаг

Утас: : +(976) 70182914 (8007)

Факс:+(976)70182564

Е-майл:cgl-crm@cengeolab.com

4-р сар 13, 2018