Гарчиг

ГТЛ нь Чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох шинжилгээ судалгааны лабораторитой боллоо.

Геологийн төв лаборатори (ГТЛ) ТӨҮГ нь Монгол Улсад анх удаа “Чулуулгийн үнэмлэхүй насны лабратори”-ийг байгуулж, өчигдөр нээлтээ хийлээ. Геологийн зураглал, эрэл хайгуул болон геологийн хөгжлийн түүхийг судлахад зайлшгүй шаардлагатай байсан чулуулгийн үнэмлэхүй насыг ийнхүү эх орондоо түргэн шуурхай тодорхойлох боломж бүрдсэн нь эл салбарт томоохон хувьсал авч ирж байгааг мэргэжилтнүүд хэлж байв.

Нээлтийн ёслолд УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны Доктор, Профессор О.Гэрэл, ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэн, Доктор Д.Оролмаа, Геологийн төв лаборатори ТӨҮГ-ийн захирал Ө.Оюунбаатар нарын хүмүүс оролцсон юм.

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Чулуулгийн үнэмлэхүй насны лабратори”-ийн үндсэн тоног төхөөрөмж болох NexION 2000 ICP Mass Spectrometer, NWR213 Laser Ablation System/Micro багаж тоног төхөөрөмжийн иж бүрдлийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-ийн захирал Ө.Оюунбаатарт албан ёсоор шилжүүлэн өгсөн юм.

Нээлтийн арга хэмжээнийн үеэр УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Геологи бол дэлхийн үүслийн түүхийн тухай шинжлэх ухаан бөгөөд геологийн хөгжлийн түүхийг судлах үндсэн аргачлал нь чулуулгийн үнэмлэхүй насны судалгаа гэдгийг та бүхэн мэднэ. Тэгвэл энэ судалгааг шинжлэх ухааны түвшинд, эх орондоо тодорхойлох боломж энэхүү тоног төхөөрөмжийг Геологийн төв лабораторид суурилуулснаар бүрдэж байна. Энэхүү үйл явдал нь Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа томоохон дэвшил гэж үзэн энд хүрэлцэн ирсэн эрхэм геологичид, хайгуулчид, эрдэмтэн, судлаачид Та бүхэнд болоод Геологийн төв лабораторийн хамт олонд ажлын амжилт хүсье” гэв.

ГТЛ нь чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох шинжилгээний багаж тоног төхөөрөмж дээр ажиллах хүний нөөцийн ур чадвар, мэдлэг боловсрол дээр анхаарч, инженерүүдээ Япон улсад энэ чиглэлээр сурч, мэргэшүүлсэн юм.  

3-р сар 27, 2019