Гарчиг

Монгол улсын Геологийн Төв Лабораторийн захирал Н.Тэгшбаяр: Олон улсын гурвалсан стандарт нутагшуулж дэлхийд зөвшөөрөгдлөө

Геологийн төв лабораторийн ерөнхий захирал Н.Тэгшбаяртай ярилцахаар тус байгууллагыг зорилоо. Үүднээсээ л цэвэр цэмцгэр, ажил хэрэгч орчин шууд л мэдрэгдлээ. Өдөр бүр их ажил ундардаг нь илт. Н.Тэгшбаяр захирлын хувьд физикч мэргэжилтэй, МУИС-ийн докторант. Цөмийн энергийн газрын даргаар урьд нь ажиллаж байсан. Геологийн төв лабораторийн захирлаар өнгөрсөн жил томилогдсон.

-Геологийн төв лаборатори хэмээх байгууллагын одоогийн нөхцөл байдлын талаар эхэлж асуумаар санагдлаа. Эдийн засгийн хямрал үргэлжилж хаа сайгүй байдал хүндхэн байна шүү дээ?

-Ихэвчлэн химич, технологич, тооцооллын программист мэргэжилтэй хүмүүсээс бүрдсэн 170 орчим ажиллагсадтай томоохон хамт олон угтав. Намайг томилогдон ирэхэд ту байгууллага санхүүгийн хүндрэлд орсон байв. Цалин олголт тасалддаг, данс хаагдсан, бусад байгууллагад өртэй бас бусад байгууллагаас авлагатай гэх мэт. Одоо тэр асуудлууд шийдэгдсэн. Би ирээд нэг ч хүнийг ажлаас халаагүй. Халахгүй гэдгээ ч хэлсэн. Хэдийгээр Монгол эдийн засгийн хямралтай ч цомхотгол хийлгүй ажиллаж болж л байна. Хамгийн гол нь уул уурхайн салбарт ажиллагсдын доод түвшингээс доош цалинждаг байдлыг өөрчилж, цалинг нь зоригтой нэмсэн. Миний шинэ ажил дэлхийн болон Монголын эдийн засгийн хямралтай давхацсан ч төр, түмний хишиг буян арвин хийгээд, буянтай аав ээж, бурхан шиг сайхан багш нарыхаа гэгээн сургаалийг дахин дахин эргэцүүлэн бодож гарц хайхад гайхамшигтай сайхан гарц олддог юм байна.

-2015 онд танай байгууллага олон улсын гурвалсан стандартыг нутагшуулсан шүү дээ. Энэ амжилтад хүрэхийн тулд ямар шаардлага хангасан бэ?

-Тиймээ. 2015 онд ISO/IEC 17043 стандартын дагуу Ур чадварын сорилт зохион байгуулагчаар олон улсын түвшинд итгэмжлэгдэж, гурвалсан итгэмжлэл буюу “ПЛАТИНУМ СТАНДАРТ”-ыг нэвтрүүлсэн лаборатори болсон. Мэдээж энэ амжилтын эзэн болохын тулд олон улсын стандартын шаардлагыг хангах ёстой. Энэ үүднээсээ нэгдүгээрт, “ISO/IEC 17025” лабораторид тавих ерөнхий стандартыг хангасан. Хоёрдугаарт, “ISO Guide 34” аттестатчилсан стандартчилсан загвар, түүнийг зохион бүтээгчдэд тавих олон улсын стандартыг нэвтрүүлсэн. Гуравдугаарт, ур чадварын сорилт зохион байгуулагчид тавигдах шаардлага “ISO/IEC 17043” гэсэн ийм гурван стандартыг нутагшуулж байгаа Монголын анхны лаборатори боллоо.

Бусад улс орнуудын хувьд лабораториудын ихэнх нь нэг стандарттай байдаг. Үүнийг олон улсад “Silver” түвшний лаборатори гэдэг. Хоёрыг нь хэрэгжүүлбэл “Gold” түвшинд очиж байгаа юм. Харин гурвууланг нь зэрэг хэрэгжүүлсэн бол “Platinum” буюу лабораторийн чиглэлээр дэлхийн хамгийн дээд оргилд хүрсэн байна гэж үздэг. Манай лаборатори АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллага ANAB -аар шалгуулж, үнэлүүлж итгэмжлэгдсэн. Энэ байгууллагаар итгэмжлэгдсэн 800 орчим лаборатори дэлхийд байгаагаас тав нь л энэ гурван стандартыг зэрэг хангаж, хэвшүүлж байна. Түүний нэг нь Монгол Улсын Геологийн төв лаборатори (CGL) юм. Манай улсын төсөв уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос бүрэн хамааралтай байгаа эдүгээ үед эрдсийн түүхий эдийн лаборатори дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө. Энэ бол манай лаборатори дэлхийн дэвжээнд сайн тамирчин олимпийн эрх авахтай адил юм. Тус лабораторид ажиллаж байсан, ажиллаж байгаа үе үеийн хамт олны бахархал нь юм даа.

-Энэ бүх амжилт танай харилцагч байгууллагуудад ч нөлөөлж байгаа биз дээ?

-Ганцхан Геологийн төв лаборатори ийм стандарттай байгаа нь хангалтгүй юм байна. Өөрөөр хэлбэл, манайд дээжээ өгдөг газрууд ч олон улсын стандартын түвшинд дээжээ бэлтгэх ёстой шаардлага гарч ирж байгаа юм. Одоогоор Монгол улсын хэмжээнд 3000 гаруй лиценз эзэмшдэг 1000 гаруй компани байгаа. Олон улсын гурвалсан стандартыг нутагшуулж итгэмжлэл авсан лабораторийнхоо зүгээс тэдэнд зориулж “Хайгуулын салбарт хөрөнгө оруулагчдын хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд итгэмжлэгдсэн лабораторийн оролцоо” сэдэвт семинарыг долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулж байгаа, нэг ёсондоо олон улсын стандартад яаж хүрсэн, хүрэх талаар мэдээлэл өгч байгаа юм.

Ингээд номын дуу сонсоод ирэхээр тухайн байгууллагын удирдлагууд, эзэд нь манайхыг олон улсын стандартад хүрсэн, нарийвчлал нь өндөр түвшинд байна гэж ойлгож байгаа юм. Ер нь дэлхийн уул уурхай хөгжсөн 70 гаруй орон манай шинжилгээний үр дүнг хүлээн зөвшөөрч байна. Бидний энэ үйл ажиллагааг Уул Уурхайн яам, Ашигт малтмалын газар дэмжиж байгаад бид их баяртай байгаа, үүгээр дамжуулан талархал илэрхийлж байна. Ингээд юм эхнээсээ зөв явах ёстой юм. Гэхдээ уул уурхайн салбарт Геологийн төв лаборатори зөвхөн нэг хэсэг нь шүү дээ. Би хувьдаа “Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, салбарын төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг цогцоор нь харах ёстой юм байна. Тэгж зөв хамтын ажиллагааг хөгжүүлж, уялдуулж ажиллах юм бол манай лабораторийн гурвалсан стандартын үр өгөөж гарна” гэж бодож байгаа.

Өнөөдөр бүх зүйл орон нутгаас хамааралтай байна. Ялангуяа орон нутгийн удирдлагууд лиценз өгнө, өгөхгүй гэдэг асуудал бодитой бий. Ийм үед асуудлыг шийдэхээр орон нутгийн удирдлагуудаа авчраад уул уурхайн компаниуд, Ашигт малтмалын газартай хамтарсан зөвлөлдөх уулзалтыг хийж байгаа юм. Эцсийн эцэст ажил явуулна гэдэг чинь зөвшилцөл ойлголцлын үр дүн байдаг учраас тэр зөв ойлголцол, зөв хандлага, зөв зөвшилцлийг бий болгохын төлөө бид ажиллаж байна. Энэ нь ч үр дүнгээ өгч байгаа. Томоор нь ярих юм бол бүхлээрээ нэг том тойрог үүсч байна гэсэн үг. Нэгэн компани АМГ-аас хайгуулын лицензээ авна. Дараа нь орон нутагт очно. Тэнд ойлголцвол хайгуулаа хийнэ. Хайгуулаа хийгээд дээж гарангуут Геологийн төв лабораторид өгнө. Геологийн төв лабораториос дээж гарвал цаашаа хоёр хуваагдана. Бид хоёр төрлийн зөвлөмж өгнө. Талбай нь хэтийн төлөвтэй эсэх, дээж нь эдийн засгийн үр ашигтай эсэхийг бид тогтоож өгнө гэсэн үг. Хэтийн төлөвгүй талбай байвал газрын ойр, гарлага багатай дээр лицензээ буцаах зөвлөмж өгнө. Хэрэв хэтийн төлөвтэй байж магадгүй гэвэл орд байж болох асуудал яригдана. Технологийн туршилтаа манайд хийлгэчих, ямар химийн бодис хэрэглэх юм, ямар технологи хэрэглэх юм гэдэг тооцоогоо гаргаад үүний дагуу урьдчилсан ТЭЗҮ хийнэ. ТЭЗҮ-ийн дараа А лиценз өгөх юм уу, үгүй юм уу гэдэг асуудал яригдана. А лицензээ авчихаад хил гаалиар гаргахаасаа өмнө тухайн хүдэр дотор хэчнээн хэмжээний алт, зэс байгааг тогтоож өгнө. Үүнтэй уялдаад татварын асуудал, улмаар улсын төсвийн асуудал босч ирнэ. Улсын төсвийн ард сургалтын төлбөр, цалин тэтгэвэр байгаа шүү дээ. Ингэж улс орноо, салбараа цогцоор нь харж байж түүнд ажлаа зөв уялдуулах нь эцсийн эцэст Монголын хөгжлийн асуудал болж байгаа юм. Бүх зүйл хоорондоо уялдаж, нэг тойрог үүсч байгааг та ойлгож байгаа биз дээ? Би ингэж л харж байгаа. Илүү хурдтай байж, ингэж цогцоор нь харж, бодлого үйл ажиллагаагаа бусад салбаруудтай уялдуулж байж ажил явна.

-Олон улсын гурвалсан стандартыг хангана гэдэг танай үйл ажиллагааны үр дүн биз дээ? “Silver” болон “gold” стандартыг хэдэн онуудад хангаж байсан бол?

-2005 онд эхний стандартаа, 2012 онд хоёрдахь стандартаа, 2015 оны сүүлчээр гуравдахь стандартын итгэмжлэлээ авсан. Энэ үзүүлэлт манай ажлын үр дүн сайжирсны нотолгоо шүү дээ. Бусад байгууллагад хандаж стандарт гэдэг их чухал юм байна гэдгийг хэлж, ярьж байгаа. Зарим газруудад дур зоргын асуудал гэж нэг юм байгаа. Дарга зөвшөөрвөл шийдвэр гардаг. Зөвшөөрөхгүй бол үгүй. Тэгвэл энэ стандартыг хангаад ирэхээр дур зоргын асуудал байхгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Н.Тэгшбаяр гэдэг хүн байгууллагыг тогтвортой ажиллуулах нөхцлийг нь л бүрдүүлж өгч байгаа юм. Бид бүхний ажлын үр дүн бие даасан, хараат бус, олон хүний ажлаас гардаг үр дүн шүү дээ. Энэ бол стандарт нэвтрүүлэхийн давуу тал. Өөр жижиг лабораторид нэг хүн л дээжээ авна, бэлтгэнэ, шинжилгээгээ хийнэ, комьпютер дээрээ бичнэ. Хариугаа ч тэр хүн нь өөрөө өгдөг. Харин манайд бол бүхэл бүтэн систем ажиллаж байгаа юм. Манайд “Шилдэг улстөрч”, “Ард түмний гавьяат” гээд л их сайхан нэртэй цол тэмдгийг хэн нь мэдэгдэхгүй нэг нөхөр дур зоргоороо өгдөг биз дээ. Гэтэл Монгол улсын Стандартчилал, хэмжилзүйн газар, АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн газраас бүтэн жил манайд хүний нөөцийн, технологийн үнэлгээ хийж, одоо гаргаж буй хариунууд дээр анализ хийж байж энэ итгэмжлэлийг сунгах уу, үгүй юу гэдгийг шийддэг. Бид тэр том шалгуурыг давж чадсан. Энэ бол гайхамшиг.

-Та бүхний үйл ажиллагаа зөвхөн уул уурхайгаар хязгаарлагдахгүй гэж та ярьсан. Жишээлбэл, усыг шинжлэх бололцоо байгаа талаараа ярина уу?

-60 жилийн түүхтэй ийм том баазыг улс оронд үр өгөөжтэй үр ашигтай уян хатан ажиллуулах ёстой юм. Тэгэхийн тулд хаа нэг газар ямар нэг асуудал үүсэхээр л судалгаа хийдэг биш, өмнө нь судалгаа шинжилгээгээ хийж байх ёстой юм. Бүх аймаг, сумын төвүүдээс усны дээжийг авч ирээд, тэнд байгаа хүнд элементүүдийг шинжлэн тогтоох бололцоо байгаа. Таван жилийн дараа энд усны бохирдол үүснэ, эсвэл энэ усны чанар муу байна гэвэл хөндлөнгийн нөлөөллөөс үү, эсвэл угаасаа ийм бохир ус уу гэдгийг тогтоох суурь судалгааны асуудалд бид их анхаарч байгаа. Энэ жил бид Монгол орны усны стандарт загвар бэлтгэж аттестачилах ажлыг эхлүүлсэн.

-Сонирхоод асуухад харилцагчдын тоо та бүхэнд хэр чухал вэ?

-Харилцагчийн тоо чухал биш. Шууд хэлэхэд манайх ашгийн төлөө хэт хөөцөлддөг байгууллага биш, өндөр хариуцлага дээр тулгуурласан үр дүн гаргадаг байгууллага. Хүмүүсийнхээ цалинг тавьж байх ёстой. Их ашиг олохоос илүү үр дүнг нарийвчлалтай гаргах ёстой.

-Танайх үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж байна вэ?

-Цацраг идэвхт ашигт малтмалын бие даасан лабораторитой болсон. Энэ жил Олон улсын атомын энергийн агентлагаас мэргэжсэн баг (эксперт) ирж коих шалгуур, хэм хэмжээг хангасныг зөвшөөрч дэлхийн хэмжээнд хүрсэн лаборатори болж чаджээ гэж үнэлсэн. Зөвхөн шинжилгээ хийдэг байгууллага байхаас гадна шинжилгээ, судалгааны хосолсон том суурь нь болж өгч байна. ШУТИС-ын Геологи, уул уурхайн сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Геологийн салбар болон бусад сургуультай хамтарч судалгаа хийдэг шинжлэх ухааны том институци юм. Жишээ нь, МУИС-ийн Хүрээлэн буй орчны лаборатори манай байгууллага хамтраад Монгол хүний үсний стандартчилсан загварыг гаргаж байна. Яагаад гэвэл үс дотроо маш олон эрдсээс бүрддэг. Алт, зэс бүгд байж байдаг. Жишээ нь, үсэнд зэс нь их байвал хүний эрүүл мэндэд яаж нөлөөлөх юм, мөнгө нь бага байвал яаж нөлөөлөх юм гэдгийг тогтооно гэсэн үг. Дэлхий дээр 4-5 улс л үндэстнийхээ үсний стандарт загварыг гаргасан байдаг.

-Ингэхийн ач холбогдол юундаа бол?

-Үсний стандарт загварыг гаргахаар эрүүл мэндэд ямар асуудал байгааг үсэн дээр суурилж эхлээд шинжилгээ хийж болж байгаа. Гэмт хэрэг гарахад тэр хүний үс мөн үү, биш үү, Монголд биш дэлхийн хаа нэгэн газарт газар хөдөллөө гэхэд Монгол хүн мөн үү биш үү гэдгийг үсээр нь харьцуулаад үзчих жишээтэй.

-Дэлхийн түвшинд хүрсэн лаборатори болоход хүний нөөц маш чухал гэж бодож байна. Боловсон хүчнээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Хүний нөөцөө сайн бэлдсэн, олон ажилтантай лаборатори Монголд манайхаас өөр байхгүй. Бид жил бүр Герман, Финлянд, Америк, Солонгос, Франц, ОХУ, Япон гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад хүнээ бэлтгэж байна.

-Техник технологийн хувьд дэлхийн түвшинд хүрсэн гэж таны ярьж байсныг сонссон. Энэ талаараа ярина уу?

-Хамгийн сүүлд ICP-MS тоног төхөөрөмжийг авч тавьсан. Үүний давуу тал нь асар их. Тухайлбал, дээжинд шинжилгээ хийхдээ хүний оролцоо ихтэйгээр нэг нэгээр нь алт, зэс байна гээд тодорхойлж өгдөг байсан бол одоо энэхүү цөмийн технологи дээр суурилсан өндөр технологи авчирч суурилуулснаар нэг дор 77 элемент, 44 элемент, газрын ховор 17 элемент байна гэж нэг цаг хугацаанд, нэг дээжнээс хариуг нь байнга тогтоож чаддаг болсон. Хөдөлмөрийн бүтээмж нэг дор 77 дахин өсч байна гэсэн үг. Газрын ховор элементүүдийг Монгол улс түүхэндээ өөрсдөө тодорхойлж чаддаггүй байсан бол одоо манайх ганцаараа тодорхойлж байна. Эдгээр шинжилгээний үр дүнг маань уул уурхай хөгжсөн 70 ба түүнээс дээш улс орон зөвшөөрч байна шүү дээ. Олон улсын стандартын шаардлага хангаснаар бид Олон улсын атомын энергийн агентлагийн Ази, Номхон далайн бүсийн түшиц лабораториор ажиллах боломжтой болж байгаа юм. Ингэснээр гадагшаа хүмүүсээ сургадаг байсан бол гаднаас манай лабораторид ирж суралцдаг болно гэсэн үг. Хоёрдугаарт, бидний дараагийн нэг амжилт бол дэлхийн олон оронд байгаа худалдааны төлөөлөгчийн газруудын гэрээт борлуулагчдаар дамжуулаад аттесчилсан стандартчилсан загварыг үйлдвэрлэж борлуулж байгаа явдал юм. Бид Монгол улсад стандартчилсан загвар үйлдвэрлэгч тэргүүлэгч ганц байгууллага. Энэ бүтээгдэхүүн их онцлогтой, инноваци, технологи, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. Бид алийн болгон ноосон улавчнаас цааш явахгүй байх юм бэ?

-Гурвалсан стандартын эзэн болоод ирэхээр олон улсын харилцаанд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бид Финляндын Геологийн албатай өндөр түвшинд хамтарч ажиллаж байсан. Тэр үйл ажиллагааны хүрээнд технологийн туршилтыг өндөр түвшинд хүргэсэн. Флотацийн технологийн туршилт хийх онцгой тоног төхөөрөмж дэлхийд хоёр байдгийн нэг нь манайд байгаа. Мөн Германы Гео- шинжлэх ухаан байгалийн нөөцийн хүрээлэнтэй хамтраад стандарт нэвтрүүлэх томоохон төсөл хэрэгжүүлж ажилласан нь үр дүнгээ өгсөн. ОХУ-ын Дубнад байдаг Цөмийн судалгааны институттэй хамтарч нэлээд судалгаа хийж, хүмүүсээ сургаж байна. Ази, Номхон далайн орнуудын хэмжилзүйн хөтөлбөрийн гишүүн боллоо. Энэ болгонд хүний нөөцөө чадавхжуулах, тоног төхөөрөмжөө өндөр түвшинд хүргэх, мэдээлэл солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх алхам цуг хийгдэж ирсэн. Түүнээс гадна бид олон улсын стандартаа авсан юм чинь дэлхийн бусад оронд салбар төлөөлөгчийн газраа ажиллуулахаар нэлээд идэвхтэй ажиллаж байна. Уул уурхай хөгжиж байгаа орнуудад шүү дээ.

-Геологийн төв лаборатори “Харилцагчийн үйлчилгээ” нээсэн нь шинэлэг алхам болсон гэж хүмүүс ам сайтай байна?

-Харилцагчдад үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ нээсэн. Өмнө нь хүмүүс ирээд инженер техникийн ажилтнуудыг хайгаад л явдаг байсан бол одоо нэг удаа ирээд л бүх асуултаа асуугаад, шаардлагатай хариултаа авах боломжтой боллоо. Харилцагчийн үйлчилгээний цэгийнхэн хариулт өгч чадахгүй бол мэргэжлийн хүмүүсээ дуудаж, газар дээр нь зөвлөгөө өгнө. Харилцагчдад илүү ээлтэй орчныг бий болгож байгаа хэлбэр л дээ.

-Танайхыг төрийн өмчит байгууллага гэдгийг хүмүүс мэднэ. Төсвөөс татаас авдаг уу? Эсвэл үйл ажиллагаагаараа санхүүгийн асуудлаа шийддэг үү?

-Манайх Төрийн өмчит үйлдвэрийн газар. Гэхдээ төсвөөс нэг ч төгрөгийн татаас авдаггүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдээс дээжийг нь аваад төлбөртэй шинжилгээ хийдэг. Үйл ажиллагаагаа тэр орлогоороо явуулдаг. Монголд гаднын хөрөнгө оруулалттай 4-5 олон улсын сүлжээ лаборатори байна. Бид тэдэнтэй өрсөлдөж байна. Өрсөлдөхийн тулд үйл ажиллагаагаа нэг секунд, нэг минут зогсоож болохгүй. Гаднын компаниуд энэ лабораториудын аль нь илүү чадавхтай байгааг шалгаж үзээд бидэнд ханддаг. Олон улсын хөрөнгө оруулалттай зарим лаборатори хаалгаа бариад байхад манай үйл ажиллагаа өргөжиж байгаа шүү.

Өргөжөөд байна гэдэг нь зөв менежменттэй явж байгаагийн илрэл. Эрдсийн шинжилгээ гэхээр үелэх системд байгаа хэдэн элементийг тодорхойлоод болчихдог үе өнгөрсөн. Одоо бол эрдсийн шинжилгээн дээр нэмээд бид Гео-микробиологи гэдэг салбарыг хөгжүүлж байгаа. Бие даасан тасагтай ч болж байна. Ямар элементүүд байхаас гадна ямар бактерууд тэнд үржиж байсан, үржиж болох вэ гэдгийг давхар судлах шаардлагатай болж байгаа. Ер нь ганц геологи уул уурхай биш байгаль орчин, эрүүл мэнд, хууль хүчний салбаруудад ч үйлчилгээ үзүүлж байна. Жишээлбэл, хөрсний бохирдлын судалгааг манайд хийж болж байна. Магадгүй мөнгөн усны бохирдол байна гэвэл манайд хийлгэх боломжтой. Хийж чаддаг ганц төхөөрөмж, мэргэжилтэн нь манайд байна. Ингээд үзэхээр бүх салбарт өөрөө хувь нэмрээ оруулж байгаа гэж дүгнэхээс аргагүй юм.

Түүнээс гадна бид салбарын мэргэжлийн ТББ-ууд бусад байгууллагуудыг дэмжих зорилгоор бүрэн тоноглогдсон хурлын танхимаар хангах үйлчилгээ санал болгож байгаа.

-Цаг гаргаж сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

- Танай сонинд ярилцлага өгөх хүртэл хэмжээнд намайг дэмжиж, дээш татаж, алдсаныг минь өршөөн залруулж, унасныг минь хөхүүлэн дэмжсэн гайхамшигтай хамт олноороо бахархаж байна.

5-р сар 06, 2016