Гарчиг

Геологичдод танилцах хичээл зохион байгууллаа

2013 оны 03 сарын 05-ны өдөр ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн мэргэшсэн зэргийн сургалтанд суралцаж байгаа геологийн инженерүүдийг орчин үеийн лабораторийн судалгааны аргатай танилцуулах хичээлийг Геологийн Төв Лаборатори дээр зохион байгууллаа. Тус танилцах хичээлд уул уурхайн компани, төрийн байгууллагуудын төлөөлөл 20 орчим геологичид оролцож, лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хичээлд оролцогчид ГТЛ-д суурилуулсан орчин үеийн тоног төхөөрөмж, техник технологи, үүний дотор үелэх системийн 70 гаруй элементийг (газрын ховор элементүүдийг нэгбүрчлэн) өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох Индукцийн холбоост плазмын масс спектрометр (ICP-MS), эрдсийн тоон ба чанарын шинжилгээг өндөр түвшинд хийх рентген диффрактометр (XRD)  зэрэг төхөөрөмжүүдтэй танилцаж, шинэ мэдээлэл авсан юм. Дээр дурьдсан ICP-MS төхөөрөмжийг ГТЛ-д суурилуулснаар шинжилгээний ажлын чанарыг хамгийн орчин үеийн түвшинд хүргэж, газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажил эрхэлж байгаа компаниудад асар их цаг хугацаа, хөрөнгө хэмнэх боломжийг олгож байгааг оролцогчид олзуурхан ярьж байлаа.

3-р сар 06, 2013