Гарчиг

ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ТӨҮГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 65 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын Геологи, эрдэс баялгийн салбарын бахархал болсон Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын түүхт 65 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Бид түүхэн энэ хугацаанд эх орныхоо, эрдэс баялгийг нээн илрүүлэгч Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, геологичид, баяжуулагчид, уурхайчид, та бүхнийхээ Монгол улсын газрын хэвлийн мэдээллийг буй болгох, нийгмийн хөгжилд нэн чухал ач холбогдол бүхий түүхий эд болох эрдэс баялгийг нээн илрүүлэх, түүний нөөцийг тогтоох, олборлох, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон улсын түвшинд 3 стандартаар магадлан итгэмжлэгдсэн, дэлхийн 105 оронд хүлээн зөвшөөрөгдсөн, шинжилгээний үр дүнгээр хангаж, найдвартай туслагч тань байсаар ирлээ.

Та бидний амжилтын үр дүнд манай салбар Монгол улсын хөгжлийн чиг баримжаанд өөрчлөлт оруулж, өнөөдөр улсын төсвийн орлогын 30 хувь, экспортын бүтээгдэхүүний 90 хувийг бүрдүүлэгч эдийн засгийн тулгуур салбарын хэмжээнд хүрсэн. Мөн хугацаанд бид уул уурхайн салбарт тавих төрийн хяналтын үүргийг гүйцэтгэхэд Монгол улсын Засгийн газрын нүд чих болон ажиллаж, олон улсын лабораториудтай өрсөлдөхүйц хэмжээний, дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн лаборатори болж чадлаа.

Энэхүү түүхэн хөгжлийн хуудсыг бүтээхэд өөрийн мэдлэг чадвар, ажил үйлс, сэтгэл зүрхээрээ хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад инженерүүд, ажилтнууд, удирдлагууд түүн дотроо, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ө.Доржханд, түүхт 65 жилийн ойн хүрээнд амжилт бүтээлээ төр засагтаа үнэлүүлсэн Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Пүрэв-Очир, Б.Батжаргал, Г.Бат-Эрдэнэ, О.Доржрэнчин зэрэг алдартнууд, тэдний залгамж халаа болсон залуу инженер, техникийн ажилтнууд та бүхнээрээ бид бахархаж байна.

Геологи, эрдэс баялгийн салбарынхан, нийт харилцагчид, ахмадууд, хамт олон та бүхэндээ Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газар үүсгэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энхийг дээдлэн, улам ихийг бүтээх хүсэл эрмэлзлэл, урам зориг дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье ээ.

ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ТӨҮГ-ЫН ЗАХИРАЛ О.ДАВААСАМБУУ

11-р сар 28, 2022