Гарчиг

ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ТӨҮГ БАЙГУУЛЛАГЫН ХҮНДЭТ ДЭВТЭРТ 24 ДЭХ ШИЛДЭГ АЖИЛТНАА ТҮҮХ БОЛГОН БИЧИЖ АЛДАРШУУЛЛАА

Геологийн төв лаборатори ТӨҮГ,  БНМАУ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн Тэргүүлэгчдийн 1964 оны 2-р сарын 10-ний 14-р тогтоолоор Хүндэт дэвтэр хөтлөх шийдвэр гарсан бөгөөд  шинэ оны босгон дээр 24 дэх шилдэг ажилтнаа тэмдэглэн бичлээ. Хүндэт дэвтэрт салбартаа хийж бүтээсэн үйл хэргээрээ манлайлсан эрхмүүд болон шилдэг бүтээлийг онцлон үлдээдэг бөгөөд 24 дэх хүнээр МУ-ын Тэргүүний геологич, Алтан гадас одонт Петрографийн хяналтын инженер, Д.Эрдэнэдэлгэр бичигдлээ.

Д.Эрдэнэдэлгэр нь 1985 онд хуучнаар ЗХУ-ын Львов хотын их сургуулийг геохимич-петрографич мэргэжлээр төгссөн. Тэрээр ажлын гараагаа Эрэл Геофизикийн цогцолбор экспедицийн Цагаан давааны ангид геохимич мэргэжлээрээ эхэлж, говийн бүсийн 1:200000 масштабтай геохимийн зураглалд геохимич-инженер, Улаанбаатар хотын экологийн судалгааны 1:50000 масштабын ажилд төсөл хариуцагчаар тус тус ажиллан, геологийн зураглал, эрэл үнэлгээний бүх үе шатны ажилд чухал шаардлагатай мэдээллээр хангахад идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байсан.

1989 оноос  Геологийн Төв Лабораторид петрографийн гүйцэтгэгч инженерээр ажиллаж эхэлсэн бөгөөд петрографийн шинжилгээний арга аргачлалыг чадамгай эзэмшиж, эрдэс судлалын шинжилгээнд  үнэтэй хувь нэмэр оруулан өнөөдрийг хүртэл петрографийн гүйцэтгэгч инженер, петрографийн хяналтын инженерээр ажиллаж байна. Д.Эрдэнэдэлгэр нь өөрийн санаачилгаар ашигт малтмалын орд, илрэлүүдийн хүдрийн дээжийн минераграфийн эталон дээжийн бичлэгийг эх хэлнээ хөрвүүлэн хүдэр судлалын инженерүүдийн гарын авлага бэлтгэж, үйлдвэрлэл шинжилгээний ажлын технологи, чанар, шинжилгээний дүн бичиглэлийг сайжруулах, үл мэдэгдэх эрдсийг харьцуулан тодорхойлох, хүдэр судлалын ШУ-ыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, байгууллагын Хүндэт дэвтэрт түүх болгон ы алдаршууллаа.

1-р сар 02, 2023