Гарчиг

Бидний тухай

Геологийн Төв Лаборатори нь Монгол орны нутаг дэвсгэрт хийгдэж байгаа геологийн судалгааны шинжилгээний ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэдэг төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хяналт болон гаалийн хяналтын шинжилгээг гүйцэтгэдэг. Үндэсний болон олон улсын “MNS ISO/IEC 17025”, “ISO 17034”, “ISO/IEC 17043” стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжлийн байгууллага юм.

Геологийн төв лаборатори (ГТЛ) нь анх БНМАУ-ын “Сайд нарын Зөвлөл”-ийн 1957 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 461 дүгээр тогтоолоор “Эрдэм шинжилгээний төв лаборатори” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.

Монгол улсын нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе хүртэл ГТЛ нь ЗХУ-ыг түшиглэн тоног төхөөрөмж, арга аргачлалыг нэвтрүүлэн, үндэс сууриа тавьж, хөгжиж байсан.

1994 онд “Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай” хууль батлагдсантай холбогдуулан лабораторийн шинжилгээнд ашиглагдаж байсан ЗХУ-ын Межгосудартсвенный стандарт (ГОСТ)-ыг Үндэсний стандарт (MNS)-д шилжүүлэх ажилд Монгол улсын Стандарт хэмжилзүйн үндэсний төвтэй хамтран ажиллаж, лабораторийн шинжилгээний ажлын чанарын тогтолцоог бий болгон анх 1995 онд үндэсний итгэмжлэл авсан.

Геологийн төв лаборатори нь геологи хайгуулын ажил, лабораторийн шинжилгээний чанарын хяналт, чанар хангалтын амин хэрэгцээ болсон стандартчилсан загварыг 1973 оноос үйлдвэрлэж эхэлсэн ГТЛ нь Герман улсын Геошинжлэх ухаан, Байгалийн нөөцийн хүрээлэнтэй хамтран “Стандартчилсан загварын аттестатчилал” төслийг хэрэгжүүлж, стандартчилсан загвар үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулан, улмаар 2012 онд ISO/IEC 17034 “Стандартчилсан загварын үйлдвэрлэгчид тавих шаардлага” стандартаар Хойд Америкийн Үндэсний итгэмжлэлийн байгууллага ANAB (ACLASS-хуучнаар)-аар олон улсын түвшинд итгэмжлэгдсэн.

Олон улсын итгэмжлэл авсанаар  ГТЛ нь Монгол орны эрдсийн түүхий эдээр үйлдвэрлэгдсэн 100 гаруй нэр төрлийн стандартчилсан загвар буюу нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд АНУ-ын Brammer Standards, Английн LGC, ӨАБНУ-ын Industrial Analytical, Австралийн Choice Analytical, БНХАУ-ын Well Group, ОХУ-ын ICRM Center зэрэг дистрибьютер байгууллагуудаар дамжуулан экспортлож байна.

ГТЛ-д үйлдвэрлэсэн стандартчилсан загвар нь Монгол улсын хэмжээнд батлагдсан нийт эталон аттестатчилсан стандартчилсан загварын 95 орчим хувийг эзэлдэг бөгөөд эрдсийн түүхийн стандартчилсан загварын цор ганц үйлдвэрлэгч юм.

2015 онд “Ур чадварын сорилт зохион байгуулагчид тавих шаардлага” ISO 17043 стандартыг нэвтрүүлж, Монголдоо лабораториудын ур чадварыг үнэлэх олон улсын эрх авсан анхны байгууллага юм.

Геологийн төв лаборатори нь БНФУ-ийн Геологийн албатай хамтран ашигт малтмалын баяжигдах шинж чанарын судалгааны чиглэлээр 2009-2015 онд “Чингис -1, 2 төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд бүх төрлийн ашигт малтмалын эрдсийг чулуулгаас ялган баяжуулах, өнөөгийн зах зээлийн шаардлага хангахуйц бүтээгдэхүүн-баяжмал гарган авах хамгийн оновчтой технологийг олж тогтоох туршилтуудыг орчин үеийн төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэх лабораторийн чадамж, техникийн болон хүний нөөцийг бүрдүүлсэн.

1980 оноос өнгөт чулууны эрэл, хайгуулын анги, өнгөт чулууны цех зохион байгуулан өнгөт эрдэнийн чулууны эрэл үнэлгээний ажил гүйцэтгэн бэлэг дурсгалын зүйлс, хөөрөг, гаанс урлан, шаврын царамын пиропын ордыг уурхайлан ашиглаж хагас эрдэнийн чулуу болох анарын борлуулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

“Төрийн есөн хөлт цагаан туг”, “Бүх цэргийн Хар Сүлд”, “Мэгжид Жанрайсаг” бурханы чулуун шигтгээнүүд болон Улаанбаатар хотын “Гэрлэх Ёслолын Өргөө”-ний ханын чулуун чимэглэлийг манай чулууны дархчууд эх орныхоо өнгөт эрдэнийн чулуугаар урлан бүтээсэн байдаг.

Геологийн төв лаборатори нь улсын төсөвт жилдээ 1-1.5 тэрбум төгрөгийн татварыгг төвлөрүүлдэг, улсын тэргүүний татвар төлөгч, улсын тэргүүний “Топ 100” аж ахуйн нэгжид багтаж чадсан тэргүүний хамт олон юм.



Чанарын баталгаа

ISO/IEC 17025 - ISO 17034 - ISO/IEC 17043