Гарчиг

Баяжуулагчдын уулзалт, семинарыг нээж захирал Норовын Тэгшбаярын хэлсэн үг

Эрхэм хүндэт баяжуулагчид, зочид оо,

Монгол улсын Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо, Монгол улсын Геологийн төв лабораториос хамтран зохион байгуулж буй “Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулагч аж ахуйн нэгжүүдийн уулзалт, сургалт”-д хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.

Монгол улсын Геологийн Төв лаборатори нь эрдсийн түүхий эдийн цогц шинжилгээг хэрэгжүүлж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг геологи, уул уурхайн салбарын асуудалд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар геологийн судалгааг гүйцэтгэж буй ажлын лабораторийн шинжилгээний 90 гаруй хувь, эрх бүхий байгууллагуудын хяналт шалгалтын шинжилгээ, стандартчилсан загварын үйлдвэрлэл, ур чадварын сорилт, экспортын бүтээгдэхүүний экспертиз шинжилгээ, уул уурхайн олборлолтын хяналтын сорьцлолт, технологийн туршилт, геологийн эрэл, хайгуулын шатны шинжилгээ, байгаль орчны мониторингийн шинжилгээ зэргийг гүйцэтгэж байна.

ГТЛ нь 2015 онд АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллага (ANAB)-аар ур чадварын сорилт зохион байгуулагчаар итгэмжлэгдсэнээр олон улсын гурвалсан стандарт нэвтрүүлсэн Монгол улсын анхны байгууллага болж байна. ISO/IEC 17025-лабораторид тавигдах шаардлага, ISO Guide 34-стандартчилсан загвар үйлдвэрлэгчид тавигдах шаардлага, ISO/IEC 17043-ур чадварын сорилт зохион байгуулагчид тавигдах шаардлага гэсэн гурван стандартаар зэрэг итгэмжлэгдэх нь дэлхий нийтэд “Платинум стандарт” гэж нэрлэгддэг бөгөөд ANAB-аар итгэмжлэгдсэн 800 байгууллагаас энэхүү Платинум стандартын шаардлага хангасан байгууллага дэлхийд зөвхөн тав (5) байна.

2009-2014 онуудад ГТЛ нь Монгол-Финляндын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Финлянд улсын Геологийн албатай хамтран техник технологи, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор техникийн хамтын ажиллагааны хоёр үе шаттай төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд өнөөдөр бид төрөл бүрийн ашигт малтмалын баяжуулалтын лаборатори технологийн туршилт гүйцэтгэх замаар ашигт малтмал баяжуулах үйлдвэрүүдийн техник эдийн засгийн урьдчилсан үндэслэл боловсруулахад хувь нэмрээ оруулж байна.

Бид “Дулаан хар уул”-ын полиметалл, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худагийн газрын ховор, Дөшийн голын риолит рутит, Модотын цагаантугалганы хүдэр зэрэг томоохон нэр бүхий ордууд, уран зэрэг цацраг идэвхт ашигт малтмал, бусадхүдрийн технологи туршилтыг гүйцэтгэсэн. ГТЛ нь Монгол улсын стратегийн 15 ордоос дийлэнхийнх нь технологийн туршилтыг гүйцэтгэсэн. Тухайлбал: Эрдэнэт, Цагаансуварга, Асгат, Тавантолгой, Шивээ-Овоо гэх мэт.

Ашигт малтмалын технологийн туршилтын чиглэлээр бид юу хийх боломжтой талаар товч дурьдая:

  • Ашигт малтмалын баяжигдах чанарын лаборатори технологийн туршилт
  • Хайгуул хийгдэж буй болон ашиглалтанд бэлтгэгдэж байгаа ордын хүдрийн баяжигдах чанарын үнэлгээ, олборлолтын оновчтой технологийн сонголт
  • Уул уурхайн үйлдвэрүүдийн технологийг боловсронгуй болгох, металл авалтыг сайжруулах туршилт судалгаа
  • Туршилтын үр дүнгээр баяжмалд тавигдах шаардлагын стандартыг мөрдөж кондицийн агуулгад хүргэхээс гадна дагалдах хорт хольцыг багасгах туршилтыг хийж гүйцэтгэдэг.

Бид газрын ховор элемент, холимог металлын хүдэр, үнэт, өнгөт металл, цацраг идэвхт материалын хүдэр, бал чулуу, нүүрс зэрэг бүх төрлийн ашигт малтмалын лаборатори технологийн туршилтыг дэлхийн түвшинд хийж байгаа бөгөөд цаашдаа томоохон хэмжээний хагас үйлдвэрлэлийн туршилт хийх бааз суурьтай болохыг зорьж байна.

Өнөөдөр энэхүү уулзалт, сургалтаар баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд цугларан мэдээлэл, туршлагаа солилцож байгаад таатай байна.

Ингээд уулзалт семинарын үйл ажиллагаанд амжилт хүсч, хүрэлцэн ирсэн зочид Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

11-р сар 22, 2015