Гарчиг

Аттестатчилсан Стандартчилсан Загвар

Геологийн Төв Лаборатори (ГТЛ) нь эрдэс түүхий эдийн аттестатчилсан стандартчилсан загвар (АСЗ) үйлдвэрлэгчээр олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн, мэргэжлийн байгууллага юм.

Улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнийг чанарын хувьд олон улсын стандарт болон зах зээлтэй харьцах чадварыг тогтооход АСЗ-ыг үндэс болгодог. Энэхүү загвар нь хэмжлийн үнэн зөв гэдэгт дэлхий нийтийн итгэлцлийг бий болгодог хүчирхэг хэрэглүүр юм.

Дэлхийн улс орнууд олон арван стандартчилсан загварыг зохион бүтээж, шинжилгээний чанар, үнэмшлийг тогтоох, өндөр мэдрэх чадвартай тоног төхөөрөмж, арга аргачлалыг нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг нь хянах, дээж сорьцын найрлагыг тогтооход эталон болгон өргөн ашигладаг.

Манай лаборатори 1970-аад оны дунд үеэс Монгол орны төрөл бүрийн чулуулаг, хүдэр, баяжмал, ашигт малтмалын технологийн боловсруулалтын бүтээгдэхүүнээр АСЗ зохион бүтээж ирсэн арвин туршлагатай бөгөөд одоогийн байдлаар 58 АСЗ үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлээд байна.

Бидний үйлдвэрлэсэн АСЗ-ын чанараас хэрэглэгчдийн маань ажлын үр дүн шууд хамаардаг болохыг бүрэн ухамсарладаг тул бид ЧАНАРЫГ эрхэмлэн ажилладаг. Үүний нэг баталгаа нь “Стандартчилсан Загвар үйлдвэрлэгчийн чадавхид тавих ерөнхий шаардлага” ISO GUIDE 34 болон “Сорилын болон калибровкийн лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага” ISO/IEC 17025 стандартын дагуу олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн явдал юм. Энэхүү давхар итгэмжлэлийг дэлхий дахинд АЛТАН СТАНДАРТ хэмээн нэрлэдэг.

АСЗ-ын үйлдвэрлэлээр бидний хүрсэн түвшин:

  • Манай АСЗ-ын үйлдвэрлэл, баталгаажуулалт бүхэлдээ Олон Улсын Стандарт (ISO Guide 30-35)-ын шаардлагад бүрэн нийцсэн
  • Манай АСЗ-ыг олон улсын ур чадварын сорилд СОРИЛЫН ДЭЭЖ болгон хэрэглэж байна
  • Олон Улсын Геоаналитикчдын Нийгэмлэг (International Association of Geoanalysts –IAG )-тэй хамтарч, Гео-шинжлэх ухааны судалгаанд зориулсан АСЗ-ыг зохион бүтээж байна
  • Захиалагчийн хүсэл, сонирхолд нийцүүлэн ТУСГАЙЛСАН АСЗ-ыг богино хугацаанд зохион бүтээх бүрэн боломжтой
  • ГТЛ-ийн мэргэжилтнүүд Олон Улсын Стандартын Байгууллагын Стандарт загварын хороо (ISO-REMCO) болон Олон Улсын Геоаналитикчдын Нийгэмлэгийн баталгаажуулалтын хороооны гишүүн бөгөөд, АСЗ зохион бүтээхтэй холбоотой олон улсын стандартыг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж байна

“Алтан стандарт”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгосон манай лабораторийн хамт олон ХЭРЭГЛЭГЧ ТАНЫГ хамгийн найдвартай бүтээгдэхүүнээр хангах болно.

Бидний зохион бүтээсэн АСЗ-ын талаарх мэдээллийг манай www.cengeolab.com веб сайт болон олон улсын “COMAR”, “Geo-REM”-ийн стандартчилсан загварын мэдээллийн сан, мөн түүнчлэн олон улсад нэр хүнд бүхий манай дистрибьютерүүдийн веб сайтаас олж авах боломжтой.