Гарчиг

“Аттестатчилсан стандартчилсан загварын үйлдвэрлэл” сэдэвт семинарт оролцлоо

2017 оны 8-р сарын 22-25-ны өдрүүдэд ХБНГУ-ын Физик Техникийн Хүрээлэн (PTB)-гийн санхүүжилтээр Хөгжиж буй орнуудын хэмжилзүйн салбарыг дэмжих MEDEA төслийн хүрээнд Сингапур улсын Эрүүл Мэндийн Газарт зохион байгуулсан “Аттестатчилсан стандартчилсан загварын үйлдвэрлэл” сэдэвт 4 өдрийн семинарт Геологийн Төв Лабораторийн Стандартчилсан загвар, ур чадварын сорилтын тасаг (СЗУЧСТ)-ийн дарга Ү.Оюунтунгалаг, стандартчилсан загвар боловсруулалт (СЗБ)-ын инженер Э.Бямбадулам нар оролцлоо.

Семинарт Монгол, Малайз, Тайланд, Шри Ланка, Вьетнам, Бангладеш, Индонез, Филиппин гэсэн Азийн хөгжиж буй 8 орны 10 байгууллагаас 14 оролцогч оролцлоо.

Дөрвөн өдөр явагдсан тус сургалтаар оролцогчид дараах сэдвүүдийг гүнзгийрүүлэн судалж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ. Үүнд:

  • ISO 17034 стандартын шаардлага болон түүнтэй холбоотой мөрдөх баримт бичгүүд
  • Үндсэн статистик аргууд
  • Давтацын хэмжилтийн статистикууд
  • Хэт зөрүүтэй утгыг шалгах
  • Нэг факторт вариацийн анализ
  • Шугаман регресс
  • Хэмжлийн эргэлзээ, нэгтгэсэн стандарт хэмжлийн эргэлзээг тооцох дүрмүүд
  • Нэгэн төрлийг тогтоох судалгаа
  • Тогтвортой байдлын судалгаа

Семинарын явцад ГТЛ-ийн тухай товч танилцуулга, өөрийн лабораторийн стандартчилсан загвар (СЗ) үйлдвэрлэлийн туршлагын тухай оролцогчдод танилцуулав. Оролцогчдын зарим нь өөр өөрийн салбарт ур чадварын сорилт явуулдаг боловч бүгдээрээ стандартчилсан загвар үйлдвэрлэлийн ажлыг дөнгөж эхэлж байгаа байгууллагууд байсан. Манай лаборатори нь олон жилийн СЗ үйлдвэрлэлийн туршлагатай, статистик тооцоог тусгай програм хангамжаар хийдэг зэргээрээ давуу талтай байсан бөгөөд сургалтын явцад дээрх статистик тооцоонуудыг Excel программаар хийх нэмэлт үйлдлүүдийг судаллаа.

Энэхүү семинарт хамрагдсанаар ISO 17034 “СЗ үйлдвэрлэгчийн чадавхид тавих ерөнхий шаардлага” олон улсын шинэ стандартын онцлог заалтуудтай танилцаж, Азийн бусад улсын ижил төрлийн байгууллагаас туршлага судалж, стандартчилсан загвар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд гардаг төрөл бүрийн тулгамдсан асуудлуудад шийдэл олох мэдээлэл авлаа. Тус семинар нь ГТЛ-ийн СЗ үйлдвэрлэлийг сайжруулах, боловсон хүчний мэдлэг туршлагыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой семинар боллоо.

8-р сар 31, 2017