Гарчиг

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХЭМЖИЛЗҮЙН ХӨТӨЛБӨР (APMP)-ИЙН 31 ДҮГЭЭР ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

БНХАУ-ын Бээжин хотноо 2015 оны 11 сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын Хэмжилзүйн Хөтөлбөр (АPMP)-ийн 31 дүгээр Ерөнхий чуулганд Монгол Улсын Геологийн Төв Лабораторийн Захирал Н.Тэгшбаяр, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Л.Батзориг, Маркетингийн албаны дарга Ү.Оюунтунгалаг нар оролцлоо.

APMP нь APEC (Ази, Номхон далайн орнуудын Эдийн засгийн хамтын ажиллагаа)-ын бүс нутгийн 5 мэргэжлийн байгууллагын нэг юм. Тус чуулганд APMP-ийн жинхэнэ гишүүн 24, ажиглагч гишүүн 7 байгууллагыг төлөөлсөн 100 орчим төлөөлөгч оролцлоо. Энэ хуралд ГТЛ-ийн төлөөлөгчид оролцсон нь цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна. Чуулганд оролцсоноор Геологийн Төв Лаборатори нь Монгол улсыг төлөөлөн APMP-ийн хоёр дахь жинхэнэ гишүүнээр элсэх, Ази, Номхон далайн хүрээнд бусад улс орнуудтай харилцан туршлага, мэдээлэл солилцох, олон улс, бүс нутгийн хэмжилзүйн бодлого, чиг хандлагын талаар байнга мэдээлэл авах, тэдгээр үйл ажиллагаанд тогтмол оролцох анхны суурийг тавилаа.

Чуулганы үеэр ГТЛ-ийн төлөөлөгчид БНХАУ-ын Үндэсний хэмжилзүйн хүрээлэн (NIM)-гийн Химийн хэмжилзүй, аналитик шинжлэх ухааны хэлтсээр зочилж, тус хэлтсийн дарга Li Hongmei болон дэд дарга Ma Liandi нартай уулзаж, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хоёр байгууллага холбогдох салбарт сургалт зохион байгуулах, харилцан туршлага судлах чиглэлд нарийвчилсан хэлэлцээрүүд хийж ажиллахаар тохиролцов. Ноён Ma Liandi нь APMP-ийн TCQM буюу Материалын тоо хэмжээний хорооны даргаар энэ жилээс томилогдож байгаа бөгөөд ГТЛ-ийн энэхүү хороонд элсэн орж үйл ажиллагаанд оролцох хүсэлтийг дэмжиж, цаашлаад APMP-ийн нэрийн өмнөөс бүс нутгийн хүрээнд Ур чадварын харьцуулалт, сорилт зохион байгуулах боломжтой тухай ярилцав.

11-р сар 13, 2015